Ерөнхий сайд Н.Учрал: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, төслийн явцад тулгарч буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр боллоо.
Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд өдгөө 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ энэ оны тавдугаар сард баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт эрчимжжээ. Өдгөө талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг анх 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ажил эрчимжсэн тул хугацаанаас нь өмнө дуусгах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэлэв. Харин бүтээн байгуулалтыг саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн техник хэрэгслийг Монголд байлгах хугацааг сунгах хуулийн зохицуулалт болон гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийг шийдвэрлэж өгөхийг төслийн багийнхан Ерөнхий сайдаас хүслээ.



Ерөнхий сайд Н.Учрал:
“Төлөвлөсөн хугацаанд, батлагдсан зураг төсөл, стандартын дагуу станцыг барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ” хэмээн илэрхийлэв.
Мөн тэрээр тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянахыг үүрэг болгоод, төслийн явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт болон орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ил тод мэдээлэхийг тэмдэглэлээ.
Төслийн ач холбогдол:
- Эрчим хүчний хараат бус байдал: Нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай тус станц ашиглалтад орсноор Баруун бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем дотоодын найдвартай эх үүсвэртэй болж, улсын төсвөөс олгодог татаас буурна.
- Бүс нутгийн хөгжил: Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт зэрэг суманд усалгаатай газар тариалан, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ.
- Байгаль орчин, аялал жуулчлал: Усан сан үүссэнээр орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэгээр нөлөөлж, загас үржүүлэг болон аялал жуучлалын бүс байгуулах нөхцөл бүрдэх юм.



