Эрхүүд тахлын судалгааны ажилтан нас барж хөл хорио тогтоов: Монголын хил дээрх хяналт ямар байна вэ?
ОХУ-ын Эрхүү хотын “Тахлын эсрэг судалгааны хүрээлэн”-ийн лабораторийн техникч, 28 настай Дарья Шипилова гэх эмэгтэй уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдгээр Шелехов хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт богино хугацаанд нас барсан үйл явдал олон улсын анхааралд орлоо. Нас барсан ажилтан тус хүрээлэнд уушгины тахлын нянтай харьцах явцдаа алдаа гаргаж, шилэн гуурс хагалсан байж болзошгүй гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдсан байна.
Үүнтэй холбогдуулан Оросын эрх баригчид тухайн эмнэлэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, талийгчийн ойрын хавьтал болох 200 орчим хүнийг эмнэлгийн нарийн хяналтад аваад байна. Хэдийгээр хөрш Буриад улсын тэргүүн Алексей Цыденов талийгчийг тахлаар нас барсан гэж мэдэгдсэн ч, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар (Роспотребнадзор)-оос одоогоор оношийг албан ёсоор батлаагүй, “шалтгаан тодорхойгүй хатгалгаа” хэмээн тэмдэглэж, нөхцөл байдал тогтвортой байгааг мэдээлжээ



АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ: “Эрхүүгийн тахлын эсрэг судалгааны хүрээлэнд гарсан сэжигтэй тохиолдлыг бид анхааралтай ажиглаж байна. Хэрэв ийм төрлийн халдвар гадагш алдагдвал маш хурдан тархах эрсдэлтэй. Одоогоор сандрах шалтгаан байхгүй ч, үүнд маш сайн төвлөрч, хянах шаардлагатай” хэмээн Цагаан ордон болон Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-тэй хамтран хянаж байгаагаа илэрхийлжээ
Монгол Улсын хил, нислэгийн хаалт болон хяналт шалгалт хэвийн үү?
Эрхүү хот нь Монгол Улсын хилтэй ойрхон оршдог бөгөөд Алтанбулаг боомт болон Улаанбаатар-Эрхүү чиглэлийн шууд нислэгээр иргэд олноор зорчдог тул манай улсын иргэдийн дунд сэрэмжлүүлэг, асуултууд үүсээд байна.
- Хил ба нислэг хэвийн үргэлжилж байна уу: Одоогийн байдлаар ОХУ болон Монгол Улсын зүгээс Алтанбулаг авто замын боомт болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоосон, хязгаарласан ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргаагүй байна. Тээвэрлэлт болон иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм.
- Шинжилгээ, халуун шалгаж байгаа юу: Иргэдийн сошиал орчинд мэдээлж буйгаар Эрхүүгээс ирж буй онгоцны зорчигчид болон Алтанбулаг боомтоор нэвтэрч буй иргэдийг хилийн мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудаас зайнаас халуун хэмжигч болон тандалтын багажаар шалгаж эхэлсэн байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс уг асуудлаар хараахан албан ёсны анхааруулга, мэдэгдэл гаргаагүй байгаа ч, Ковид-19 цар тахлын сургамж байгаа тул хажуу бөөрөнд үүссэн биологийн эрсдэлт нөхцөлд хилийн тандалтыг чангатгах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна. Уушгины тахал (Pneumonic plague) нь агаар дуслын замаар хүнээс хүнд маш хурдан халдварладаг тул иргэдийг амны хаалт зүүх, амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна.


