Улс төрШинэ мэдээ

Ерөнхийлөгч Орхон аймгийн иргэдтэй уулзаж, хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Орхон аймаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буйг онцлон, аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр улсын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.долларыг давсан. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ онд 745 мянган тонн үр тариа, ургац хураан авсан

Төгсгөлд нь тэрбээр цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйг эрхэмлэн, төр, засаг, ард иргэд ололт амжилтаа бататган, эв нэгдлээ эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриаллаа.

Орхон аймаг 2002 оноос хойш улсын төсөвт орлого төвлөрүүлж, өрсөлдөх чадвар, засаглалын үр ашгаараа 21 аймгаа тэргүүлдэг. Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5, хангайн бүсийн 48.6 хувийг бүрдүүлж, 2002 оноос хойш 14 дэх удаагаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр улсдаа манлайлжээ. Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд улс, орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр 345 тэрбум төгрөгийн өртөг бүхий 234 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал 13.6 км авто зам, газар доорх инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчилж, хотоо бүхэлд нь гэрэлтүүлэн, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даваат, Булагт, Оюутын дэд станцыг ашиглалтад оруулсан тухай аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр танилцууллаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлж, 6 орчим сая мод тарьж ургуулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *