Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.





