ОЛОН УЛС: АНУ болон Иран дайныг зогсоож, Ормузын хоолойг нээх түүхэн тохиролцоонд хүрлээ
АНУ болон Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох түүхэн хэлэлцээрт хүрснээ албан ёсоор зарлалаа. Уг тохиролцооны хүрээнд Вашингтоны зүгээс Иранд тавьсан тэнгисийн бүслэлтээ цуцлахаар болсон бөгөөд олон улсын худалдааны стратегийн чухал бүс болох Ормузын хоолойн тээвэрлэлтийг эргэн нээхээр харилцан тохиролцсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Иран улстай хийх хэлэлцээ бүрэн хэмжээнд амжилттай дууслаа” хэмээн мэдэгдсэн юм. Түүний цацсан мэдээллийн дараахан уг энхийн хэлэлцээг албан ёсоор зуучилсан Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф талууд нэгдсэн шийдэлд хүрснийг батлан мэдээллээ.
Хэргийн гол эзэд болох талууд ирж буй баасан гарагт Швейцар улсыг зорин, харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурж, баталгаажуулахаар төлөвлөж байна.
Ливан дахь галын шугамыг ч зогсооно
Энэхүү санамж бичгийн хүрээнд зөвхөн хоёр улсын асуудал төдийгүй Ливаны нутаг дэвсгэрт өрнөж буй мөргөлдөөнийг ч зогсоохоор тусгажээ. Ерөнхий сайд Ш.Шарифын онцолсноор уг баримт бичигт “Ливаны газар нутгийг оролцуулан, дайны бүх фронт дахь цэргийн ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоох” хатуу заалт багтсан аж. Учир нь Израил болон Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөн нь энэхүү хэлэлцээний хамгийн гол маргаантай сэдэв байсаар ирсэн юм.
Харин олон улсын анхаарлын төвд байдаг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дараагийн шатны хэлэлцээгээр нарийвчлан шийдвэрлэхээр үлдээсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АНУ-ын зүгээс Ираны баяжуулсан ураны нөөцийг бүрэн устгуулж, цөмийн хөтөлбөрийг нь эргэж буцалтгүйгээр зогсоох байр суурийг тууштай баримталж байгаа аж.
Дэлхийн зах зээл дэх нөлөө
Ерөнхийлөгч Д.Трамп ирэх баасан гарагт хэлэлцээрт гарын үсэг зурж, Ормузын хоолой нээгдэх тухай албан ёсны мэдэгдэл хийсний дараа дэлхийн зах зээл дээр Брент (Brent) төрлийн газрын тосны үнэ шууд дөрвөн хувиар буурч эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
