МАН: Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээс асууна
МАН-ын Удирдах зөвлөлөөс өнөөдөр /2026.06.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдээлэл хийхдээ “Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өчигдөр /2026.06.21/ улс даяар боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд ИТХ-ын мандат дээр, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан. Сонгуульд МАН-аас 42 нэр дэвшигч, АН-аас 40 нэр дэвшигч, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИЗНН, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 93 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтаар өрсөлдсөн байна. Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр, нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсан бол АН-аас 17 мандат буюу 36.9 хувийн санал, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч энэ сонгуулиар сонгогдсон байна. Ялангуяа МАН-аас аймгийн ИТХ-ын есөн мандатад есөн нэр дэвшигч 100 хувийн санал авч, ялалт байгууллаа. Бодлогын мэтгэлцээн илүү өрнөж, нийт сумын сонгогчид бүрэн оролцож саналаа өгдөг. Энэ жил Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан гээд хангай, говь, төв гээд бүх бүсийн ард иргэдийн уур амьсгалыг мэдрэх, дараа дараагийн улс төрийн үйл явцын өнгө тодорхойлох сонгууль байлаа.
Тэр утгаараа ач холбогдол өгч, ажиллалаа. МАН ард иргэдийнхээ энэ итгэлийг зүтгэлээр хариулж, мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өндөр хувьтай биелүүлж, нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх ажлуудаа эрчимжүүлнэ.
МАН-ын дарга "МАН ард түмэндээ эргэн ирнэ" гэсэн уриатайгаар ажиллаж байна. Ажлаа авснаас хойш 11 аймаг очиж, ажилласан. Миний бие болон холбогдох хүмүүс 19 аймагт ажилласан. Энэ өдрүүдэд МАН-аас "Ардын нам ард түмэнтэйгээ" аяныг зохион байгуулж, 330 суманд очиж, уулзаж, төр засаг болон намаас баримталж буй бодлого үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн орон даяараа хийж байна. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо МАН ард түмэн ямар Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэхийг хүсч байна вэ гэдгийг асууж байж хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж, тодруулна. Зургаан жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн институци сонгогдсоны дараа улс төрийн намын гишүүнчлэлгүй болдог. Энэ сонгуульд ихээхэн ач холбогдож өгч, судалгаа хийж байна. Өнгөрсөн жилээс эхлэн МАН бүлэг дотроо хагарч, зөрчилдсөн тал бий. Намын 31 дүгээр Их хурлаар намынхаа асуудалд цэг тавьсан. Шинэ үеийн төлөөллийг намынхаа даргаар сонгосон. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг дээр 30, 38 гэсэн хуваагдал байхгүй. Нийслэлийн намын хорооны даргын асуудлыг хөндөөгүй байна. Шинэ хотын дарга томилсонтой холбоотойгоор хурал зарлаж, товлосон зүйл алга. МАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 50-иас дээш насны олон нэр дэвшигч байгаа. Бид эхлээд ард иргэдээсээ санал авна. МАН АН-аас өндөр рейтингтэй байгаа учраас ард түмнийхээ хүлээлтэд хүрч ажиллах шаардлагатай байна" гэв.
АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ
Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр /2026.06.21/ боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан юм.
Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.
Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан талаар мэдээлжээ. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна.Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам нэг мандат 0.2 хувийн ялалт, бие даагч хоёр мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.
