Үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаан авчирчээ
Буцаан авчирсан олдворуудын дунд Монголын говиос олддог, ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл болох Тарбозавр батаарын араг яс багтаж байгаа нь шинжлэх ухаан, палеонтологийн судалгааны өндөр ач холбогдолтойд тооцогдож байна.
Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, “Тарбозавр батаар”-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эх оронд нь буцаан авчирлаа. Энэхүү үйл ажиллагаа 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын тууштай хүчин чармайлт, Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр олдворуудыг Монгол Улсад бүрэн хүлээн авсан байна. Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд эдгээр олдворыг анх хураан авч, хадгалж байсан бөгөөд Францын Засгийн газар ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн Монгол Улсад буцаан шилжүүлэх үйл явцад бүх талын дэмжлэг үзүүлжээ.
Ховор үнэт эдгээр олдворыг шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн танхимд байршуулж, олон нийт болон эрдэмтэн судлаачдын хүртээл болгохоор төлөвлөжээ. Албаныхны онцолж буйгаар энэхүү үйл явдал нь соёлын болон шинжлэх ухааны өвийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний үнэт өвийг хамгаалах чиглэлд олон улсын хамтын ажиллагааны үр дүнтэй жишээ болж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд сайн туршлага болох ач холбогдолтой юм.
