ТҮҮХЭН АМЖИЛТ: Ш.Энхийн-Од “Орландо Мэжик” багтай гэрээ байгуулж, “G-League”-т тоглохоор боллоо
NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоог зорин одсон Монгол хүүгийн аялал амжилттай үргэлжилж, манай улсын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
“Орландо Мэжик” багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Уелтмэн чөлөөт агент, Монголын тамирчин Майк буюу Ш.Энхийн-Одтой албан ёсоор гэрээ байгуулсныг зарласан байна. Ингэснээр Монгол Улсын төрийн далбаа NBA-ын газрын зураг дээр зөвхөн телевизийн дамжуулагч орон биш, харин тоглогч импортлогч орон болж бүртгэгдсэн түүхэн үйл явдал боллоо.
Exhibit 10 гэрээний цаадах тактик ба Хөгжлийн лиг
Ш.Энхийн-Од эдгээр өдрүүдэд “Орландо Мэжик” багийн үндсэн бүрэлдэхүүн болох Франц Вагнер, Паоло Банкеро, Энтони Блэк зэрэг NBA-ын шилдгүүдтэй зэрэгцэн бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Түүний байгуулсан гэрээ нь “Exhibit 10” буюу хөгжлийн лигийн урамшуулалт гэрээ юм. Эх сурвалжийн мэдээлснээр, “Орландо Мэжик” баг Майктай энэ зуны турш нийт 60 хоног хамтарч ажилласан бөгөөд дүрмийн дагуу түүнд урамшуулал олгох үүрэг хүлээж байгаа аж. Баг бэлтгэлийн баазад хамт байлгах хугацаа дуусмагц гэрээг албан ёсоор цуцалж, Ш.Энхийн-Одыг өөрийн харьяа (Affiliate) тоглогчоор авч үлдсэн байна.
Энэ нь “Орландо Мэжик” ирээдүйтэй залуу тоглогчоо өөр багт алдахгүйн тулд хийж буй лигийн дүрэм дэх нарийн тактик бөгөөд уг урамшууллын мөнгөөр түүний “G-League”-т авах цалинг нэмэгдүүлж буй хэрэг юм. Ингэснээр Ш.Энхийн-Одын дараагийн зогсоол “Орландо Мэжик” багийн Хөгжлийн лигийн харьяа “Осеола Мэжик” (Osceola Magic) баг байх бөгөөд ирэх улиралд тус багийн өмнөөс талбайд гарахаар гэрээлжээ.
Монгол Хүүгийн “Анхдагч” түүхүүд
Энэхүү гэрээ баталгаажсанаар Ш.Энхийн-Од Монголын сагсан бөмбөгийн түүхэнд дараах амжилтуудыг ганцаараа эзэмших боллоо. Үүнд:
- NCAA буюу Америкийн Оюутны спортын холбооны 1-р дивизонд тоглосон анхны Монгол,
- Дэлхийн шилдэг залуусын “Nike Hoop Summit”-д уригдсан анхны Монгол,
- NBA-ын Зуны лигийн гэрээ байгуулж, талбайд гарсан анхны Монгол,
- NBA болон Хөгжлийн лиг (G-League)-ийн албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо.
Мөрөөдлийн зүг дахиад нэг алхам
NBA-ын 30 баг бүгд өөрийн харьяа “G-League”-ийн багтай бөгөөд тэнд үндсэн лигт дуудагдаж, стандарт гэрээ авахын төлөө 500 гаруй шилдэг залуус бэлтгэлээ шавхан өрсөлддөг. Маш харгис, биеийн хүчний ширүүн тоглолттой, тоглогчид нь үндсэн лиг рүү орохын тулд туйлын “өлсгөлөн” байдаг энэ талбарт Майк тэдний нэг болж өрсөлдөх юм.
Хөгжлийн лигийн тоглогчдын жилийн дундаж цалин (ойролцоогоор 50,000 ам.доллар) нь дэлхийн бусад орнуудын лигтэй харьцуулахад бага боловч, залуус зөвхөн дэлхийн оргил цуглардаг NBA-д хөл тавих үе шат, зорилгынхоо төлөө энэхүү золиосыг гаргадаг байна.
Нэгэн Монгол хүү, нэгэн гэр бүл, цаашлаад нийт Монгол үндэстний хүсэл мөрөөдлийн түүчээ болсон Ш.Энхийн-Од зорилгодоо дахин нэг алхам ойртлоо. Түүнийг үргэлж дэмжиж, ар талыг нь найдвартай хариуцаж ирсэн гэр бүлд нь халуун баяр хүргэе. Бидний хамтдаа хийж буй сагсан бөмбөгийн аялал дуусаагүй, дөнгөж эхэлж байна. Монголчууд бид ирэх улиралд NBA-ын Хөгжлийн лигийг шимтэн үзэх цаг ирлээ.



