ONE Championship-ийн аварга Б.Энх-Оргилын бүсээ хамгаалах анхны тулааны тов гарлаа
ONE Championship холбоонд найман тулаан хийж, долоон ялалт, нэг ялагдал хүлээгээд буй Монголын тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа ирэх долоодугаар сарын 31-нд хийнэ.

Тэрээр энэ удаа Азербайжаны тулаанч Эльбек Алышовтой хүч үзэхээр болжээ.
Өдгөө 27 настай Эльбек Алышов мэргэжлийн холимог тулаанд 10 удаа тулалдаж, бүх тулаандаа ялалт байгуулсан амжилттай. Тэрээр өнгөрсөн жил ONE Championship холбоонд нэгдсэнээсээ хойш Филиппиний хоёр тулаанчийг ялсан байна.

167 см өндөртэй, жүдо суурьтай Алышов бэлтгэлээ ОХУ-д базаадаг. Түүний мэргэжлийн 10 ялалтын найм нь өчих болон боолтын мэхээр, нэг нь хүнд цохилтоор, нэг нь шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр иржээ. Мөн ONE Championship-д хийсэн хоёр тулаандаа хоёуланд нь өрсөлдөгчөө өчих мэхээр буулган авсан байна.
