СпортХөлбөмбөг

ДАШТ-ИЙ СҮҮЛИЙН ТОГЛОЛТУУД: ХЭН ШӨВГИЙН 32-Т ҮЛДЭЖ, ХЭН ГЭРТЭЭ БУЦАХ ВЭ?

АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулж буй Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд үргэлжилж байна.

Энэ удаагийн ДАШТ шинэ форматаар явагдаж байгаа бөгөөд хэсэг бүрээс эхний хоёр баг шууд хасагдах шат буюу шөвгийн 32-т шалгарна. Харин 12 хэсгийн гуравдугаар байрт шалгарсан багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй найман баг нэмэлтээр шөвгийн 32-т өрсөлдөх эрх авах юм.

Өнөөдөр А, В, С хэсгийн сүүлийн тоглолтууд өндөрлөж, хэсгүүдийн байрлал тодорхой боллоо.

  • А хэсэгт Мексикийн шигшээ баг гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, 9 оноотойгоор хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Харин Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын шигшээ баг 4 оноо цуглуулан хоёрдугаар байрт шалгарч, шөвгийн 32-ын эрхээ авсан байна.

БНСУ-ын шигшээ багийн хувьд сүүлийн тоглолтдоо ӨАБНУ-д ялагдсанаар хэсгээс хоёрдугаар байраар гарах боломжоо алдаж, 3 оноотойгоор гуравдугаар байрт бичигдлээ. Ингэснээр тэдний дараагийн шатанд шалгарах эсэх нь бусад хэсгийн гуравдугаар байр эзэлсэн багуудын үзүүлэлтээс шалтгаалах болов.

Харин Чехийн шигшээ баг нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор ердөө 1 оноо авч, А хэсгийн сүүлийн байрт орсноор энэ удаагийн ДАШТ-ий тэмцээнээ өндөрлүүлж байна.

  • В хэсгийг хоёр хожил, нэг тэнцээтэйгээр 7 оноо цуглуулсан Швейцарийн шигшээ баг тэргүүлэв. Канад 4 оноотой хоёрдугаар байрт орсон бол Босни-Херцеговин мөн 4 оноо авсан ч гоолын зөрүүгээр Канадын ард бичигдэж, гуравдугаар байрыг эзэллээ. Харин Катарын шигшээ баг 1 оноотойгоор хэсгийн сүүлийн байрт орсон байна.
  • С хэсэгт Бразил болон Мароккогийн шигшээ багууд тус бүр 7 оноо авсан ч гоолын зөрүүгээр Бразил хэсгээ тэргүүлжээ. Марокко удаах байрт орж, хоёул шөвгийн 32-т шалгарсан бол Шотланд 3 оноотой гуравдугаар байрт, Хаити оноо авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв.

Ингэснээр А хэсгийн БНСУ, В хэсгийн Босни-Херцеговин, С хэсгийн Шотландын шигшээ багууд гуравдугаар байраар үлдэж, шөвгийн 32-т шалгарах эсэх нь бусад хэсгүүдийн тоглолтын үр дүнгээс шалтгаалах болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *