Энэтхэг эмэгтэйчүүд “Үгүй” гэж хэлж эхлэв!
Энэтхэгийн технологийн нийслэл Бенгалуру хотод ажиллаж амьдардаг 41 настай Нидхи Агарвал гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр хүүхэдгүй байх шийдвэрийг анх гаргаж байв.
Тэд гэрлээд есөн жил өнгөрсөн ч энэ шийдвэртээ үнэнч хэвээр байна. “Гэрлэхээсээ өмнө бид хүүхдийн талаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Зөвхөн санхүү болон карьерын зорилгоо л хэлэлцдэг байв. Тэгээд гэрлэснийхээ дараа ярилцаад үзтэл бидний хэн хэн нь карьертаа илүү анхаарч, нийгэмдээ өөрчлөлт авчрахыг хүсч байгаагаа ухаарсан” гэж Агарвал ярих аж.
Гэхдээ энэ шийдвэрийг гаргах амар байгаагүй. Учир нь Агарвалын эгч гэрлээгүй болохоор гэр бүлийнхэн нь түүнийг хүүхэдтэй болохыг шавдуулж, багагүй шахалт үзүүлдэг байжээ. “Хэдий тийм ч хүүхэдгүй байх нь бидний сонголт байсан. Бидэнд үүнээс ч илүү том амьдралын зорилго бий” гэж Агарвал хэлжээ.
Тэдний адил шийдвэр гаргасан хосууд Энэтхэгээр дүүрэн бий. Энэтхэгийн хүн ам олон 10 жилийн турш тасралтгүй, хурдацтай өссөн. Гэвч өдгөө Энэтхэг даяар залуусын дийлэнх олонх нь цөөн хүүхэдтэй болох, эсвэл бүр хүүхэд төрүүлэхгүй байхыг илүүд үзэх болж. Засгийн газрын тоо баримт, Түүвэр бүртгэлийн системийн статистик тайлангаас үзвэл, Энэтхэгийн төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа аж.
Гэхдээ энэ үзүүлэлт өнөөдрийг хүртэл хүн амын өсөлтийн түвшинг хангахуйц хангалттай өндөр байсан.
Өнгөрсөн сард гаргасан хамгийн сүүлийн тайланг харвал Энэтхэгийн төрөлтийн түвшин 1.9-тэй гарчээ. Энэ нь хүн амын тоог тогтвортой түвшинд хадгалахад шаардлагатай 2.1 гэсэн суурь үзүүлэлтээс доогуур байна гэсэн үг юм. 2000-аад оны үед Энэтхэгийн төрөлтийн түвшин 3.3 байв.
Шинжээчдийн үзэж байгаагаар төрөлт буурахад иргэдийн боловсролын түвшин дээшилсэн, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж сайжирсан, хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
