Зөвлөгөө: Нойргүйдлийн эмийг нэг сараас дээш хугацаанд ууж болохгүй
Сүүлийн үед иргэд стресс, ажлын ачаалал зэргээс үүдэж нойргүйдэх нь нэмэгдэж улмаар архаг ядаргаанд орж байгааг эмч нар хэлж байгаа юм.
Насанд хүрсэн буюу 18-60 хүртэлх настай хүмүүс хоногт шөнийн цагаар 7-8 цагийн хугацаанд унтаж өглөө амарсан мэдрэмжтэй сэрж байвал нойроо гүйцэт авсан гэж үздэг байна. Гэхдээ тухайн хүний зан, байдлаас шалтгаалж нойр гүйцэт авах хугацаа өөр, өөр байдаг аж. Тухайлбал, тайван, дотогшоо зан араншинтай хүн илүү олон цагаар буюу 10-12 цаг унтаж байж нойроо бүрэн авдаг бол харин эсрэгээрээ хурдан, сэтгэлийн хөдөлгөөн өндөр хүмүүс 7-8 цаг унтахад сэргэсэн мэдрэмж хангалттай авдаг байна. Хүн шөнө 22-23 цагийн унтаж эхэлсэн байх ёстой гэж үздэг байна. Учир нь 21:00-00:00 цагийн хооронд хүний биед мелатонин даавар ялгардаг байна энэхүү дааврын тусламжтайгаар хүмүүс унтаж амардаг байна. Харин мелатонин даавар бүдэг гэрэлтэй, тайван орчинд илүү ялгардаг аж. Тиймээс 21:00 цагаас хойш утас, зурагт бага үзэж, унтах орчинг бүрдүүлэх нь хурдан унтахад нөлөөлдөг байна. 22:00-23:00 цагийн хооронд тархи нөхөн төлжүүлдэг бөгөөд хамгийн ашигтай нойрыг авдаг. Улмаар энэ цагаас хойш унтаснаар гүн нойрыг авдаггүй байна. Шөнө олон дахин сэрэх, унтаж байгаа хэр нь дуу чимээг мэдэрч байвал үүнийг нойргүйдлийн шинж тэмдэг үздэг бөгөөд энэ байдал нэг сар түүнээс дээш зургаан сар хүртэл үргэлжилбэл архаг нойргүйдэл гэж үздэг байна.
Хүүхэд бол хоногтоо 9-10 цаг унтана. Тэр цагт хангалттай унтуулахгүй бол уураг тархины хөгжил удааширч, сэтгэн бодох чадвар мууддаг байна.
Нойргүйдэл нь маш олон шалтгааны улмаас үүсдэг байна. Мөн нойронд илэрдэг нойрны эмгэгүүд гэж байдаг байна. Нойрны эмгэг нь дотроо олон янз бөгөөд хурхирах, амьсгал тасалдах, хөлөө өргөх гэхчлэн тухайн хүний бие организмаас хамааран хүн бүрт өөрөөр илэрдэг гэнэ. Хэрэв хүн удаан хугацааны туршид нойргүй явснаар сэтгэл гутралд орох цаашлаад биеийн дархлаа сулрах, ажлын бүтээмж буурах, юмсыг амархан мартаж санах, цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй бий болдог байна. Хэрвээ архаг нойргүйдэлтэй гэж оношлогдсон бол нэг төрлийн эмийг нэг сараас дээш уухгүй. Нойрны эмийг удаан хугацаагаар уухаар тухайн хүнийг сэтгэл санааны гүн өөрчлөлтөд оруулдаг. Гаж нөлөө ихтэй. Тийм эмийг дур мэдэн эмчийн зааваргүй уухгүй байхыг зөвлөсөн юм. Мөн эм уухаас урьтаж нойргүйдлийг даван туулах аргыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. Тухайлбал,
- Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх.
- Амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх.
- Өдрийн хоолны дараа кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
- Өдрийн цагаар унтахгүй байх.
- Долоо хоногт 4-5 удаа 30-40 минутын турш биеийн тамирын дасгал хийх.
- Унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэх.
- Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.
- Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд, тав тухтай орон дээр унтаж амрах хэрэгтэй.
Ингээд нойргүйдэл улам даамжраад байвал дур мэдэн эмчлэхгүйгээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахыг сануулж байна.