Дэлхий

ЯПОНД ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРЖ, “5-Р ТҮВШНИЙ” АНХААРУУЛГА ЗАРЛАЛАА

Японы төв хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үер, хөрсний гулгалт үүсэж, цаг уурын байгууллагаас хамгийн өндөр буюу “5-р түвшний” онцгой анхааруулга гаргалаа. Ишикава болон Тояма мужийн хэд хэдэн хот, сууринд уг анхааруулгыг зарласан бөгөөд нийт 180 мянга орчим иргэнд нэн даруй аюулгүй байдлаа хангах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжихийг зөвлөжээ. Тояма мужийн Хими хотод гол үерлэн халж, хэд хэдэн автомашин усанд живсэн байна. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч хөрсний гулгалт болон үерийн аюул өндөр хэвээр байна.

Хими болон Ишикава мужийн Хакүи хотод 12 цагийн дотор 300 миллиметрээс давсан хур тунадас орж, тухайн бүсийн түүхэн дээд хэмжээг шинэчилжээ. Харин Ходатсүшимизү хотод 200 миллиметрээс илүү бороо орсон байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Японы тэнгисээс зүүн тийш сунан тогтсон фронт ба хүйтэн агаарын нөлөөгөөр атмосферийн нөхцөл маш тогтворгүй болж, бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Баасан гарагийн үд хүртэл Хокүрикү бүсэд 200 миллиметр хүртэл, Канто-Кошин болон Токай бүсэд 150 миллиметр хүртэл бороо орохыг урьдчилан анхааруулжээ. Албаныхан иргэдийг орон нутгийн нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг нэн даруй дагаж, ялангуяа хөрсний гулгалт болон үерийн аюулаас сэрэмжлэхийг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *